Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1975.12.11-ны өдрийн зарлигаар 1976 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын харьяалалтай хот болгож “Эрдэнэт хот” хэмээн нэрлэх шийдвэр гарсан байдаг. Ирэх 2026 онд бид 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ.
түүхт 50 жилийн ойг угтаж Орхон аймаг Эрдэнэт хот “Эрдэнэт Бонд” гаргаж олон олон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байгаа билээ.
Ойг тэмдэглэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-аас:
Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх товыг аймгийн ИТХ-тай зөвшилцөн Засгийн газарт хүргүүлэн шийдвэр гаргуулж иргэдэд мэдээлэх;
Ойг тэмдэглэх бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг хариуцах комиссыг 2025 оны эхний хагас жилд багтаан байгуулж ажилд нь оруулах
Ойг угтаж аймгийн хэмжээнд гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг баталж 7 дугаар сараас хэрэгжүүлж эхлэх;
Түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд шаардагдах зардлын тооцоог гаргаж 2025 оны орон нутгийн төсвийн тодотгол болон 2026 оны төсөвт тусган батлуулах,
Баян-Өндөр, Жаргалант сумд, байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган бодитой ажлуудыг зохион байгуулах
XX зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад хөдөлмөр зүтгэлээ зориулсан салбар бүрийн анхдагчдад хүндэтгэл үзүүлэх зохион байгуулалтын ажлыг бүх шатанд авч хэрэгжүүлэх
Аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, түүхт ойн өмнө “Эрдэнэт” үнэт цаас гаргах ажлыг шуурхай хэрэгжүүлж ажиллах;
Түүхт 50 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Эрдэнэт хотын Ерөнхий төлөвлөгөөг (2045 он хүртэл) Засгийн газрын хуралдаанаар батлуулах,
Орхон аймаг, Эрдэнэт хотын ирээдүйн 50 жилийн хөгжлийн бодлогыг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулахыг даалгалаа